Р.Булгамаа: Г.Номуундарийг хуулийнхан хүн гүтгэсэн мэтээр мэдээлэл хийж байна

2018-01-10

-Г.НОМУУНДАРЬ ОХИН СЭТГЭЦИЙН ХУВЬД ЭРҮҮЛ, ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙСАН-

Өнөөдөр ''Өдрийн сонин''-ы Асуух эрхийн танхимд Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг нар мэдээлэл хийлээ. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуулийн албаны дарга А.Энхбаатар хүрэлцэн ирж, 2014-2016 оны хооронд үйлдэгдсэн хүүхэд, өсвөр насныхны далд гэмт хэргийн талаар мэдээлэл хийв.

Г.Номуундарийн аав Д.Ганхуяг 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа "Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна" гэж хэлсэн билээ. Түүнээс хойш дөрөв хоногийн дараа охиныг нь хүчирхийлсэн хэргийг шударгаар шалгуулах талаар ЦЕГ-ын дарга С.Баатаржав болон Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан нарт хандсан албан бичиг нь хэвлэлээр гарсан.

Сүүлийн өдрүүдэд "Д.Ганхуяг охиныхоо хэргийг татаж авах гэж байна" гэсэн мэдээлэл нийтийн сүлжээгээр цацагдах болсон билээ. Энэ талаар болон мөрдөн шалгах ажиллагаанд дахь хууль зөрчсөн бусад асуудлын талаар Г.Номуундарь охины өмгөөлөгчид болон хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зарлажээ.

Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл өгсөн билээ. Одоогоор уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ар гэрийнхнийх нь гаргасан гомдлын дагуу эл асуудлыг шалгаж буй юм.

Р.БУЛГАМАА: ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ӨМГӨӨЛӨГЧ НАРЫГ ГЭРЧИЙГ БАЙЦААХДАА ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙНА

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа хэлэхдээ "Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цацсан. Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Г.Номуундарийн ярьсан зүйлс олон нийт, нийгмийн анхаарлыг татаж байгаа. Охины эрүүл эсэхэд эргэлзэж байгаа мэт төөрөгдөл ч үүссэн. Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон байсан. Охиныг бичлэг хийсний дараа шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй нь тогтоогдсон.

Охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан. Ц.Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байгаа. Харамсалтай нь, гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн байгууллагууд асуудалд анхаарал, болгоомжгүй хандаж байна. Прокурорын байгууллагад эргэлзээ төрж байна. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор ташаа мэдээлэл өгч байна.

Цагдаагийн байгууллага хууль зөрчиж байна. Цагдаагийн албан хаагчид өмгөөлөгч нарыг гэрчийг байцаахдаа оролцуулахгүй байна. Гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авсан эсэхэд бид эргэлзэж байгаа. Мөн хэрэг шалгалтын ажиллагаа дөнгөж эхлэх гэж байхад хэрэгт холбогдсон этгээдүүдийг өмгөөлж, буруу ташаа мэдээлэл өгсөн УЕП-ын газрын Өлзийжаргал гэгч прокурорт хариуцлага тооцуулах гомдол гаргасан.

Ямар шалтгаанаар УЕП-ын хариуцлагатай албан тушаалтан хэт нэг талыг барьсан, гэмт этгээдүүдийг хаацайлсан үндэслэл муутай мэдээлэл тараасныг ойлгох боломжгүй бөгөөд эндээс прокурорын байгууллага энэ гэмт хэргийг үнэн зөвөөр, хараат бусаар шалгах эсэхэд эргэлзээ төрж байна. Ер нь хэрэгт холбогдогч хүүхдүүд мөнгөтэй, баян айлын хүүхдүүд байгаа учир Цагдаа, Прокурорт нөлөөлж байна уу гэх эргэлзээ төрж байна" гэв.

-АЖЛЫН ХЭСГИЙН ЗАРИМ МӨРДӨГЧ НАР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ХУУЛЬ ЗӨРЧИН ЯВУУЛЖ БАЙНА-

Мөн тэрээр уг хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн цагдаагийн зарим албан хаагч гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн х0эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1.2.5-д “...өмгөөлөгч нь өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасныг зөрчин, өрөөндөө байсан боловч байхгүй гэж жижүүр цагдаагаар худлаа хэлүүлж, утсаа унтрааж байгаад гэрчүүдийг байцаасан хууль бус үйлдэл гаргасан.

Иймд гэрчүүдийг хуулийн дагуу, үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээ төрж байна. Хууль зөрчин, өмгөөлөгчийг байлцуулахгүй гэрчүүдийг байцаасан уг албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргаж шалгуулах хүсэлт гаргаснаа мэдэгдэв.   Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу?

Сурталчилгаа

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх